Манай байгууллага 2009–2015 оны хооронд хэрэгжүүлсэн “Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн” төслийн хүрээнд гэр хорооллын нүхэн жорлонг сайжруулах, Монгол орны нөхцөлд тохирсон хувилбарыг олох, туршиж нутагшуулах ажлыг хийж ирсэн.
Үүний үр дүнд ялгадсыг бордоожуулах боломжтой Экожорлонгийн загварыг гаргаж Сонгинохайрхан дүүргийн 300 орчим айл өрхөд суурилуулсан юм. Харин энэ оны хавар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл манай төслийн үр дүнтэй танилцаж бордоожуулах жорлон, ялгадсыг бордоожуулах технологийн талаар мэдээлэл сургалт, сурталчилгааны материал бэлдүүлэх хүсэлт тавьсны дагуу бид өвөл, зуны хэрэглээний онцлогийг тусгасан 8 төрлийн постер бэлдэж өглөө.
Мөн “Нутгийн шийдэл” сангийн хүсэлтийн дагуу тус сангийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт оролцогч оюутнуудад зориулан Бордоожуулах жорлонгийн онцлог, барих, ашиглах технологийн талаар сургалт хийж, бордоожуулах жорлон ашигладаг айлуудаар танилцуулах аялал хийлээ. Оюутнууд манай байгууллагын гаргасан загварын дагуу өөрсдийн сонгосон орон нутагт бордоожуулах жорлон хийж бидний ажлын үр дүнг сурталчлах болсонд баяртай байна.
Leave a Reply